Нийтлэлийн гарчиг угтаа "Өрнө ба дорно" гэж бичигдэх нь түгээмэл гэвч агуулгыг чухалчилдаг хүний оюунд сэдвийн нэр онцын ач холбогдол болохгүй байх. Эдгээр үгтэй хамт "соёл иргэншил" гэсэн үг цуг хэрэглэгдэх нь элбэг. Бид соёлыг маш энгийнээр ахуйн хувьд авч үзвэл хүн хэрхэн амьдрах орчноо боловсронгуй болгож нийгмийн харилцаанд оролцож буй дэвшил гэж ойлгож болно. Гэхдээ мэдээж үүнд байгаль, цаг уурын хийгээд гадаад орчны янз бүрийн хүчин зүйлс ихээхэн хамаарна.
Сүүлийн жилүүдэд соёлыг "Өрнө ба дорно" гэж хуваах болсон нь олон мянган жилийн турш хүмүүс өөр өөр байгаль цаг уур, нутаг дэвсгэрт амьдарч, тухайн нутагтаа хэрхэн дасан зохицож, суурьшиж байсантай холбоотой.
Самуэль Хатингтон "Иргэншил хоорондын мөргөлдөөн" гэх бүтээлдээ энэ талаар маш нарийн судалж тайлбарласан байдаг бөгөөд та бүхнийг заавал уншихыг санал болгож байна. Харин эдгээр хоёр зүгийн соёлын ялгааг баяжих ухаанд хэрхэн нөлөөлдөг талаар өөрийн тэмдэглэснээ жишээгээр тайлбарлая гэж бодлоо.
Товчхондоо дорнын соёлд хамтач үзэл давамгайлдаг бөгөөд энэ нь ураг төрлийн чанд хэлхээ холбооноос эхлүүлэн хүмүүс хамтаар суурьшин амьдардагтай холбоотой. Харин өрнөдөд биеэ даасан үзэл илүүрхдэг энэ нь эцэг, эхчүүд хүүхдээ насанд хүрсний дараа бие даан амьдруулахад анхаардаг үзэлтэй холбож болно.
Энэ ч онцлогоороо баяжих хэмжүүр болох "Амжилтын томьёо"-г өрнө ба доронд хэрхэн ялгаатай ашигладаг талаар тодорхойлцгооё.
Тэгэхээр дорно зүгийн томоохон төлөөлөл болох Хятадад хүмүүс хэдий хугацаанд баяжих нь огт хамааралгүй бөгөөд харин баяжсан хүн эд хөрөнгөө шууд зарцуулан ахуй амьдралаа дээшлүүлдэггүй энэ нь тодорхой цаг хугацаанд шат дараалалтайгаар ахиж баячуудын эгнээнд орох хэлбэр болдог. Хятад хүн хэдийн мөнгө сайн олж байсан ч хуучин муу байшиндаа, хуучин хувцасаа өмсөж, өмнө нь хэрэглэж байсан хоол хүнсээ хэрэглэн амьдардаг энэ нь тэдний ахуйн философи, соёлын үр дүнд баяжих зөв алхам гэсэн бодол сэтгэхүйтэй холбоотой.
Тэд хураасны эцэст бага багаар эд зүйлсээ сольж зах зээл дээр өөртэй нь өрсөлдөхүйц хүн гарч ирэхээс сэргийлж, том өрсөлдөгчтэй болохгүй хичээж өрсдийн бизнесээ хамгаалдаг. Энэ нь тэдний дорнын соёл иргэншилтэй чухал холбоотой.
Харин өрнө зүгийн "Америк"-д хүмүүс зээл аваад ч хамаагүй сайхан хувцас өмсөж, тансаг хэрэглээний сүүлийн үеийн машин унаж түүгээрээ нийгэмд үнэлэгдэж өндөр үнэтэй цалинтай ажиллаж орлогоо нэмэгдүүлдэг байна.
Баяжих ухааны тухай энэхүү ойлголт нь өрнө ба дорнын ахуйн үзэл, амьдралын хүчин зүйл хийгээд иргэдийн дунд олон мянган жил төлөвшин тогтож ирсэн нийгмийн сэтгэлзүйтэй ихээхэн хамараалтай байна.
0 сэтгэгдэл:
Post a Comment